blog image

Анхны төрөлтөө амархан даваад гаръя

2021-03-16 03:54:41

Еээе баяр хүргэе ээ. Одоо ч удахгүй төрлөө тийм үү? Мэдээж дотны хүмүүсээсээ зөвөлгөө авч, жирэмсний сургалтанд суусан байх. Гэхдээ л цагаа тулахаар мартчихдаг тул төрөлтийн эхний үе шат буюу хол зайтай базалж эхлэх үеэс дараах стратегиудыг ашиглаж нэгэнт ойртсон төрөлтөө хурдасган, давхар өвдөлтийг нь багасгаарай.

1. Тэсэхийн аргагүй болох хүртлээ гэртээ л бай
Өвдөлт эхэлмэгц эмнэлэг рүү ухасхийх хэрэггүй. Анхны хүүхэд тийм ч амархан гарч ирэхгүй ээ. Төрөлтийн эхний шатаас сүүлийн шат хүртэл дунджаар 20-иод цагийг чи зүгээр л базалж өнгөрүүлэх болно. Эхлээд хол зайтай, богино хугацаатай базлалт 6-12 цаг үргэлжилнэ. Дараа нь ойр зайтай, идэвхтэй базлалт нь ахиад 8 цаг хүртэл хугацаанд үргэлжилнэ. Тэгсний дараа л жинхэнэ төрөлт маань эхэлнэ дээ.
Хэрвээ чи хүсвэл базлалт хоорондын зай 5 минут болтол гэртээ байсан ч болно. Тэрнээс наана эмнэлэгт очвол чамайг “Болоогүй байна” гээд буцаагаад явуулчих магадлалтай. Эмч нар нь хайхрамжгүйдээ биш юм шүү, өөрт танил болсон орчиндоо байвал эмэгтэй хүн илүү тайван, стрессгүй байж чадна.
Харин эмнэлэгт очвол тух алдаж, бусад төрөлт нь дөхсөн эмэгтэйчүүдийг харан стресстэж, байн байн эмчид үзүүлэх болгондоо сандрах болно. Үүний үр дүнд базалж, тэлж байх ёстой булчингууд чангаран хумигдаж, савны амсар олигтой нээгдэж өгөхгүй удсаар өнөөх “өвтгөдөг тариа”-г хийлгэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүрч магадгүй. Ингэвэл амар хялбар, байгалийн жамаараа өрнөх ёстой байсан төрөлтийг бүр хүндрүүлж орхино гэсэн үг.
Тиймээс ус чинь л гараагүй бол, тэсэхийн аргагүй болтлоо гэртээ байгаарай.

2. Марафонд бэлдэж байна гэж бодоод хүчээ хэмнэ
Эсвэл өөрийгөө ууланд авирч байна гэж бод. Ууланд авирахад өгсөх үедээ хамаг хүчээ барчихвал, доош буухдаа тамирдаж бэртэх магадлалтай гэлцдэг. Үүний адил, базлах үедээ хамаг тэнхээгээ шавхчихвал дүлэх үедээ бүр хэцүүдэх болно. Тиймээс эмчийг дүлээрэй гэж хэлтэл аль болох сайн амарч, хүчээ нөө.
Болж өгвөл унтаад ав. Байн байн хүндээр амьсгалах ч хэрэггүй. Нэг их юм хийж өөрийгөө ядраагаад хэрэггүй. Сайн амраад авчихвал чи яг дүлэх үедээ хамаг хүчээ төвлөрүүлснээр хүүхдээ бүтэлтээс хамгаалахаас гадна “өвтгөдөг тариа” хийлгэх шаардлагагүй болно.

3. Бага багаар хоолло
Гэртээ байхдаа хөнгөн хоолловол эрч хүчээ нэмэгдүүлэхэд чинь тустай. Гэхдээ тостой, шингэц муутай юм идэхээс зайлсхий. Эс тэгвэл хүчтэй базлалтын үед бөөлжих, дотор муухайрах шинж илэрч төрөлтийг улам хүндрүүлэх магадлалтай. Мөн булчингийн агшилт, амьсгал хоёр шингэнээ маш хурдан алдахад нөлөөлдөг. Тиймээс базлалтын үед ус, шүүс сайн уувал төрөлтийг 1 цаг хүртэлх хугацаагаар багасгадаг болохыг Калифорнийн их сургуулийн эрдэмтэд баталжээ.

4. Шүршүүр юм уу ваннд ор
Савны базлалт нь биеийн бусад бүх булчинг ч бас чангалж өвтгөдөг. Тэдгээр хэрэггүй өвдөлтүүдийг намжааж, жинхэнэ хэрэгтэй “өвдөлт”-ийг ихэсгэхийн тулд шүршүүр юм уу ваннд ороорой.
Ваннд орох нь хэд хэдэн ач холбогдолтой:
-Усны тайвшруулах үйлчилгээ нь нурууны өвдөлт болон савны базлалтын өвдөлтийг багасгах болно. Ингэснээр илүү тайван байх боломжтой. Базлалтын өвдөлт нь л багасаж байгаа болохоос нэгэнт төрөлтийн эхний шат явагдаж байгаа үед базалж, амсраа тэлэх нь өөрөө зогсохгүй үргэлжилсээр байгаа гэдгийг санаарай.
-Савны амсар 5-6 см нээгдсэн үед өвчин намдаах эм уумаар санагдаж эхэлдэг. Яг энэ үедээ оронд нь ваннд хэвтээд үзвэл эм шиг үйлчлэл үзүүлэх болно. Тэгсэн атлаа бүлээн ус нь төрөлтийн үед асар чухал гормон болох окситоцины үйлдвэржилтийг нэмэгдүүлснээр савны амсрыг илүү хурдан хугацаанд тэлдэг юм. Гол нь энэ үед цэвэрхэн, ямар ч зэвгүй усанд хэвтэх хэрэгтэй.
-Ваннтай усан дотор биеэ нааш цааш хөдөлгөн өөртөө тухтай байрлалыг олоход ч амархан байдаг. Тэнд 20-иод минут түр амсхийгээд авсан ч болно.
Гэхдээ төрөлтийн эхний шат буюу базлалт тийм ч хүчтэй биш байх үед ваннд ороод хэрэггүй. Ингэх нь чамд төрөлтийг зогсоочихсон юм шиг мэдрэмж төрүүлж магадгүй. Харин базлалт хүчтэй, чанга болох үед ваннд хагас цаг хэвтээд гарвал сайн тэлсэн савны амсар, сайтар амарсан бие хоёр нийлээд хэдхэн цагийн дотор шинэ хүнийг хорвоод угтах болно. Ванны оронд шүршүүрт ч орж болох юм.

5. Иллэг хийлгэ
Өвдөж байгаа хэсэгтээ, жишээ нь нурууны доод хэсэгтээ нөхрөөрөө иллэг хийлгэвэл тархинд өвдөлт нь багассан юм шиг дохио очиж чи илүү тайван, тухтай байж чадна.

6. Битгий хэвт, босоогоороо бай
Газрын татах хүчний хуулинд төрөлтийнхөө 30 хувийг даатгах хэрэгтэй. Хэрвээ базалж байна гээд хэвтээ байрлалыг авбал газрын татах хүч хүүхдийг нуруу руу татаж, төрөлтийг хойшлуулан удаах болно. Тиймээс дүлж эхлэх хүртлээ, болж өгвөл дүлж байхдаа ч босоогоороо байрлалд байхыг хичээгээрэй. Ингэвэл арай бага хичээл зүтгэл шаардах болно.
Босож зогс, явган алх, өвдөглөж суу, хөлөн дээрээ явган суу. Өөр өөр босоо байрлалд орсноор аарцагны яс тэлж, хүүхдийн толгой савны амсар дээр тулан төрөлт илүү хялбар явагдах боломжтой. Хэрвээ хэвтэх шаардлагатай болвол зүүн талаараа хажуулдан хэвтээд, доод хөлөө тэгш, дээдэх хөлөө хагас нугалсан байрлалыг авбал газрын татах хүчний нөлөөлөл илүү их байх болно. Мөн төрөх ороо босгож, өөр өөр байрлалд оруулж болно.

7. Хайрттайгаа эрхлэлд
Төрөх гэж байхад юун тэр мантай гэж хэлмээр санагдаж магадгүй. Гэхдээ базлалт эхэлсэн үед нөхрөөрөө хөхнийхөө толгойг оролдуулж, үнсэлцэж, тэврэлдэн, нүцгэн массаж хийлгэх нь төрөлтөнд туслах гормонуудыг илүү ихээр ялгаруулж чамайг тайвшруулахаас гадна хугацааг богиносгох болно.
Ус гараагүй бол секс ч хийж болно шүү. Секс хийх үед эрэгтэй хүний спермэнд агуулагдах простагландинууд савыг улам өдөөж өгдөг.

8. Чадна гэдэгтээ итгэ
Аливаа ажлын талаар өөртөө эерэг сэтгэгдлийг төрүүлэх тусам тухайн ажил санаснаас илүү хялбар болж өнгөрдөг. Тиймээс хэдэн өдрөөрөө үргэлжилсэн гэх айхтар төрөлтүүдийн тухай сонсохдоо зүгээр л сэтгэл санаагаа хамгийн муу нөхцөл байдалд бэлтгэлтэй байлгаж байна хэмээн бод. Өөрийн төрөлтөө гайхамшигтай сайхан болж өнгөрнө, мундаг байж чадна гэдэгт итгэ. Учир нь эмэгтэй хүн болгоны бие үүнийг хийхэд байгалиасаа зориулагдсан байдаг. Сул дорой сэтгэлзүйтэйгээр төрөлтөнд орвол илүү олон муу үр дагаврууд гарах магадлалтай. Өвдөлтөө удирдаж, хүчээ зөв хуваарилахын тулд анхааралтай, тайван, өөртөө итгэлтэй байх нь чухал.

9. Өмнө нь төрж байсан хүнтэй хамт бай
Нөхрөө хамт байлгахаасаа илүү өмнө нь төрж байсан дотны найз, эгчийгээ хань татаарай. Чиний байдлыг хараад сандчиж, шоконд орон, чамайг стресст автуулах хүний оронд бүхэл процессын туршид чамайг тайвшруулан, зоригжуулах “даваад туулаад гарсан” нэгэн хамт байх нь илүү дээр.


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй