blog image

Эрчүүд эрт цэвэршилтээс сэргийлэх аргууд

2021-03-21 19:09:23

Өөрийн мэдэлгүй эмзэг гомдомтгой эсвэл уур бухимдалтай болж байвал эр хүн та цэвэршиж эхэлсэн байж болзошгүй юм. Эрэгтэй цэвэршилтийн үндсэн шинж тэмдэг нь тогтмол ядрах, сэтгэл санааны гүн хямралд орох, бэлгийн чалх сулрах гэх мэтээр илэрнэ. Үүнээс гадна амьсгаадах, жин өөрчлөгдөх, гэдэс болон цээжинд их хэмжээний өөхөн давхарга үүсэх,  шөнө олон шээх, бэлгийн дур хүсэл буурах, ядрах, зүрх өвдөх, тамирдах, нүүр ам бадайрах зэрэг орно.

Эрчүүдийн цэвэршилт нь эмэгтэйчүүдийнх шиг тодорхой нэг насанд болдоггүй учир тестостерон дааврын түвшингээр тодорхойлох боломжтой. Тестостерон дааврын түвшин буурах нь хөгшрөлт явагдаж буй бие организмд тохиолдох энгийн зүйл ч заримдаа чихрийн шижин өвчинтэй холбоотой уг дааврын түвшин буурах нь бий.

Анагаах ухааны судалгаа, ажиглалтаар эрчүүдийн цэвэр­шилт 50 наснаас эхэлдэг. Сүүлийн үед цэвэр­шилтийн нас харьцангуй залуужих болжээ. Нийгмийн байдал, цаг агаар, хоол ундны чанар, амьдралын хэмнэл өөрчлөгдөж байгаа нь эрт цэвэршихэд нөлөөлж байгаа аж. Цэвэршилтийн үргэлжлэх хугацаа тухайн хүний эрүүл мэнддээ хэр анхаардгаас хамааран янз бүр байдаг. Зарим хүнд 3-5 жилд явагдаад дуусдаг бол заримд нь түүнээс ч олон жил үргэлжлэх нь бий. Хугацаанаасаа эрт эхэлж, удаан үргэлжлэх нь сэтгэл зүйн хувьд хүнд байдалд оруулдаг.

 

Тестостерон дааврын түвшин буурах нь эрчүүдийн сэтгэл санаанд  нөлөөлдөг байна.  Тэр мэдрэмтгий, уйламхай болдог гэнэ шүү. Үүнээс гадна төмсөг жижигрэх магадлалтай. Бүсгүйчүүдээс ялгарах гол онцлог нь эрэгтэй хүн хэзээ ч хамаагүй хүүхэдтэй болох боломжтой байдаг аж. Дааврын шинжилгээ өгснөөр цэвэршилт явагдаж байгаа эсэхийг  тодорхойлж, эмчилгээ хийнэ.

Цэвэршилтийг хэрхэн эмчлэх вэ?

“Эрэгтэй цэвэршилт” гэдэг анагаахын ямар нэгэн нэршил биш бөгөөд харин тестостерон дааврын түвшин буурсантай холбоотой илрэх шинж тэмдгийн цогц юм.  

Цэвэршилтээс хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?  Эмч нар тестостероны түвшинг хэвийн хэмжээнд хадгалах зорилготойгоор төрөл бүрийн дааврын эмчилгээг хийдэг байна. Энэ төрлийн эмчилгээ нь сэтгэл санааны гүн хямрал, архаг ядаргаа, бэлгийн дур хүсэлгүй болох зэргийг эмчлэхэд тусалдаг аж. Мэдээж, дааврын эмчилгээ өөрийн гэсэн сөрөг үр дагавартай. Жишээлбэл: Түрүү булчирхайн үрэвсэлд хүргэх, зүрх судасны өвчлөлд хүргэх магадлалтай.  Дааврын эмчилгээг бие организм өөрийн хүчээр тестостерон  дааврыг ялгаруулах боломжгүй үед хийдэг байна.

Эрэгтэй цэвэршилтээс хэрхэн сэргийлдэг бол?

Нэн түрүүнд зарим нэг бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэхээ татгалзаарай. Жишээлбэл: сүү сүүн бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Учир нь сүүнд эмэгтэй даавар болох эстроген агуулагдсан байх магадлалтай. Үүнээс гадна транс тос агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай.  Мөн давс, элсэн чихэр, мах, утсан мах, согтууруулах ундаа болон кофеиноос  мөн татгалзаарай.

Ийнхүү хооллолтондоо анхаарахаас гадна тогтмол ачааллыг булчиндаа өгөх хэрэгтэй. Учир нь дасгал хийх явцад булчингийн агшилтын синтезийг бий болгох зорилгоор тестостерон ихээр ялгарна. Үүнээс гадна архаг стрессээс  хол байх хэрэгтэй. Архаг стрессийн үед кортизол дааврын түвшин ихээр ялгарч,  тестостерон дааврын түвшин буурахад нөлөөлдөг байна. 

 

  

 

 

 

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй