blog image

Архаг стрессээс ангижирахуй ...

2024-01-04 16:28:40

Та ямар нэгэн байдлаар сэтгэл түгшиж хямарч л байсан байх. Энэ үедээ яг юу хийдэг вэ? Хэр удаан үргэлжилдэг вэ? Би өөрийгөө их амар амгалан, аливаа сэтгэл түгших нөхцөл байдалд бага ордог гэж боддог байлаа.  Гэтэл сүүлийн үед түгжрэлээс болоод хурал, чухал уулзалтуудад хоцрох гэх мэтчилэн өөрөөс шалтгаалаагүй нөхцөл байдлаас үүдэн, сэтгэл түгшиж, тавгүйтдэг болов. Өөрийгөө анзаартал их л бухимдалтай, түгшсэн хүн болоод хувирчихаж, толинд харахад духны голоор хялгасан үрчлээ ч суугаад эхэлж, юу бэ? би хэзээнээс ийм болчихов? Тэгээд л өөрийгөө эмчилдэг баатар боловоо, юун түрүүнд би түргэн ууртай болчихсон үүнийгээ засах, бүтэлгүйтсэн ч бүхнийг эерэгээр харах чадварт сурвал сэтгэл санаа минь амар амгалан байж буцаад хэвэндээ орох байх хэмээн бодоод интернэт ухаж, подкастууд сонсож, ном уншиж гарав аа. Тэгээд нэг  зүйлийг чанд гэгч нь ойлгов шт.

Архаг стресс гэдэг нь  удаан хугацаагаар стресстэж явсантай холбоотойгоор үүснэ. Энэ нь олон хам шинжтэй. Тухайлбал, ойр ойрхон өвдөх, сульдах, нойргүйдэх зэрэг хам шинжтэй. Үүнийг хүмүүс хэт ажилласнаас үүдэлтэй гэж ойлгох нь байдаг. Гэхдээ амьдралын дарамт удаан хугацаанд үргэлжилснээс мэдрэлийн ядаргааны байдалд орж байгаа юм. Энэ нь туйлын зовлонтой байдал ба өөрийгөө хянах чадваргүй болгож, өөдрөг байдлаа алдаж, жаргал мэдэрч чадахаа болин сэтгэлийн хямралд хүргэнэ. Ойр дотны хүнээ алдах, өвдөх, ажилгүй болох, бүх зүйл нь бүтэмжгүй мэт санагдах нь сэтгэлийн хямралтай болгодог гэж хүмүүс боддог бол бурханы номд “сэтгэлийн хямралд орох гол шалтгаан нь БИ-г эрхэмлэх буюу өөрийн бие, сэтгэлийн жаргалыг бусдаас илүү тавьснаас болдог” хэмээн үздэг аж. Өөртөө хэт төвлөрч “Би гунигтай байна”, “Би турмаар байна”, “Би хоцорч байна” гэсэн бодлууд толгойд байнга эргэлдсээр бусдыг анзаарахаа больдог. Хэн нэгнийг баярлуулах мэдрэмж, хариу нэхэлгүй туслах зэрэг нь хүнд маш их энерги, баяр баясал өгдөг шүү дээ. Гэтэл бид өнөөдөр  танихгүй хүнд туслах бүү хэл, зам дээр ч урдуураа машин оруулдаг билүү? Өөрийн амиа бодож, хувиа хичээхээс л энэ сэтгэлийн хямрал гэдэг нь үүдэлтэй. Гэтэл сүүлийн үеийн менторууд “өөрийгөө л бод, өөрийгөө хайрла” гэдэг болжээ. Гэтэл та бодоод үзээрэй өөрийгөө өмөөрсөн, аминч үзлээсээ болж хэдэн хүнийг гомдоов? Хэдтэй нь муудалцав? Тэгээд жаргалтай байж чадсан уу? Өөртөө болсон явдлуудыг эргэцүүлээд үзээрэй. Өчүүхэн мэт санагдавч үүнээс л үүдэж хүн сэтгэлийн хямралд өртөж байдаг аж. Өөрийгөө бодож тэнэг зан гаргасанаа олонтаа бодож харамсавч дахин дахин гаргасаар л байдаг. Саяхан гэхэд сошлоор бичлэг яваад байсан даа “Бие биедээ зам тавьж өгөөгүйгээс болоод машинаа мөргөлдүүлээд, хоорондоо зодолдоод фэйсбүүкээр нэг шившигээ тарьсан” иймэрхүү бичлэгүүд маш их байгаа нь бид ямар их хямралтай байгааг харж болно. Хүссэнээ авч чадахгүй юм уу? Хүссэнг нь болиулбал ихэнхдээ тэр байдалд бид инээд хүрмээр хэтрүүлэн ханддаг. Гэр орон, ажил сургууль гээд хаана ч байлаа гээд амиа бодсон үзэл нь бусдаас үргэлж хөндийрүүлдэг. Нэг л мэдэхэд ганцаардсан, бүх зүйлд буруу өгсөн, бусдыг үзэн ядсан нэгэн болж хувирна.

 Харин бусдын төлөө хийсэн зүйлээсээ ямар мэдрэмж авч байв даа?

Хэзээ сүүлд инээсэн бэ? 

Өнөөдөр хэдэн удаа инээмсэглэв дээ? 

 


Сэтгэгдэл үлдээх

* Хэрэглэгчийн бичсэн сэтгэгдэлд сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

0 Сэтгэгдэлтэй